Танилцуулга

Танилцуулга

60338623_1916921091745543_4401750559619547136_n Төв аймгийн Аргалант сум, Нөхөрлөл САА нь 1977онд атар газар эзэмших  2 дахь аяны хүрээнд байгуулагдсан. Аймгийн тэргүүний сумаар 8-н удаа шалгарсан, ажил үйлсээрээ аймагтаа эхний 5 байранд тогтмол багтаж ирсэн нь малчид, тариаланчид, иргэдийн үр дүн юм.

      Тус сум нь 112,6 мянган га газар нутагтай, тариалангийн 15898 га талбай, 84246 га малын бэлчээртэй өргөн уудам баян нутагтай. Аргалын-Уул, Хөшөөт багийн нийт 533өрх, 1667 хүн амтай. Сумын төвд Ерөнхий боловсролын сургууль, Эрүүл мэндийн төв, Хүүхдийн цэцэрлэг, Соёлын төв, Цагдаагийн хэсэг, Шуудан холбоо, Хаан банк, Төрийн банк, Орлой мэргэн”ХХК, “Ногоон ази сүлжээ”ОУТББ, Ахмадын хороо, “Аргалант илч”ОНӨААТҮГазар зэрэг аж ахуй нэгж, байгууллагууд үйл  ажиллагаа явуулж байна.

  Тус сум нь Улаанбаатар хотоос баруун зүгт 82 км зайд, аймгийн төвөөс 106 км зайд байрладаг, Улаанбаатар, Дархан хоттой хатуу хучилттай замаар холбогдсон хойд талаараа Баянцогт сум, зүүн талаараа Улаанбаатар хот, урд талаараа Алтанбулаг, баруун талаараа Баянхангай сумдтай хиллэдэг.

    Сумын эдийн засгийн голлох салбар нь газар тариалан, мал аж ахуйн үйлдвэрлэл, аялал жуулчлал юм. Мал аж ахуйн чиглэлд Улсын тэргүүний Жикс ХХК-ууд үхэр сүргийг мах, сүүний чиглэлээр өсгөн үржүүлж байна. Сумын төвд 100 тонны махны зоорь орон нутгийн иргэдэд хямд үнэтэй махаар хангаж ажилладаг. Цагаан хөтөлд Түмэнт Хурай ХХК 1000 тн-ын махны зоорь жилийн 4-н улиралд ажиллаж нийслэлийн иргэдийг махаар хангаж ажилладаг.

Мал аж ахуйн эрсдэлээс хамгаалах байгаль орчны доройтлыг сааруулах, малчдын амьжиргааг дээшлүүлэх зорилго бүхий 14 малчны бүлэг 2001 оноос байгуулагдан ажиллаж үйл ажиллагаа нь тогтмолжсон. Малчны бүлэгт нийт малчдын 98 хувь хамрагдаж ажил үйлсээрээ тэргүүлж байна. Тухайлбал Бяцхан бүлэг 2012 оны Улсын тэргүүний малчны бүлгээр шалгарсан.

З.Вангүр “Хустай” халтар арвайн гурил, П.Энхсайхан хүүхдийн буриад гутал, Амгалан хүүхдийн гутал үйлдвэрлэж сумын брэнд бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж баялаг бүтээж байна.

Байгалийн үзэсгэлэнт газар

    Ойт хээрийн бүс дотор говь нутгийг санагдуулан орших элсэн манхан Молцог элс,

Тахилгат уул Аргал хайрхан, Баянцогт хайрхан, Цав хангай, Хустайн нуруу, Налгар хайрхан

Хүн малын ундаа болсон Жирмийн цагаан нуур

Эзэн Чингисийн үеэс эрийн гурван наадмаа хийж хурдан морьд нь тоосоо өргөсөн Хүй мандалын дэнж.

Хустайн байгалийн цогцолборт газрын төв нь Аргалант сумын нутагт оршдог. 1998 онд байгалийн цогцолборт газар болгосон. Эдүгээ манай дэлхийд үлдсэн цорын ганц зүйл зэрлэг адуу тахийг сэргээн нутагшуулах ажил 1992 онд эхэлж, дэлхий дээр хамгийн олон (2015 оны 11-сарын байдлаар 340) тахьтай газар болоод байна.

       Аргалант сумын нутагт 459 зүйл гуурст ургамал, 85 зүйл хаг, 90 зүйл хөвд, 33 зүйл мөөг ургадаг. Халиун буга, цагаан зээр, бор гөрөөс, зэрлэг гахай, аргаль хонь, янгир ямаа, монгол тарвага, саарал чоно, шилүүс , мануул , үнэг, хярс, халздай дорго зэрэг 55 зүйл хөхтөн амьтад, нохой тас, цармын болон хээрийн бүргэд, ооч ёл, хонин тоодог, гангар хун, хар өрөвтас, дагуур ятуу, хотны бүгээхэй зэрэг 223 зүйл шувуу, 16 зүйл загас, 2 зүйл хоёр нутагтан, 385 зүйл шавьж, түүний дотор 21 зүйл шоргоолж, 55 зүйл булцуу сахалт эрвээхий, 10 зүйл голио, 29 зүйл царцаа бүртгэгджээ.

Алтан элстэй нутгийхныг

Асууж сураглаад очоорой

Ажил нь өөдрөг тэднийхнийг

Аргалантыхан гэж дуудаарай